Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө

Засгийн газар

Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.

Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм.

Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.