Монгол Улс, Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

“МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон.

Мөн уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэсэн бөгөөд уг хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохирлоо. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.