Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

Засгийн газар
Коронавируст халдвар Улаанбаатар хотоос гарч өнөөдрийн байдлаар 13 аймагт бүртгэгдээд байна. Цаашдаа ч орон нутгийн халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учраас Улсын онцгой комисс зарим аймгууд руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо. Мөн Улаанбаатар хотоос орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг 14 хоног хориглож байна. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг үзэгч танд дэлгэрэнгүй хүргэе.
УОК-ын X дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны баасан гаригт болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож, хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.