УИХ улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүллээ

Парламент

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталсан юм.

 

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хоёр талын гэрээгээр болон Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу, ташаа мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна” хэмээв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын хилийг хуулиар бататгана.” гэж тус тус заасан. Түүнчлэн Газрын тухай хуулийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээний газарт хамааруулж, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн зурвасын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол баталсныг мушгин гуйвуулж байна” гээд уг тогтоолын төслийг мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалсны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн болохыг онцлон тэмдэглэлээ.

Манай улс 1958 онд ОХУ-тай, 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээг тус тус байгуулж, 1975 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлсэн. Хилийн заагийн солбицлыг Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлснээр Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Энэ бүртгэлийг өөрчлөх боломжгүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ж.Лхагвасүрэн хэллээ.

“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр зааж, хилийн зурвас газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар өмчлөх, эзэмших асуудлыг таслан зогсоох эрх зүйн үндэс бүрдэж, улсын хил хамгаалалтын орон зай болох улсын хилийн зурвас газрыг төрийн мэдэлд авахаар болж байгаа юм. 

Улсын Их Хурал хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Монгол Улсын хилийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.