Угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй 63,620 айлд дохиолол суулгаж 24 цагаар хянах зохицуулалт хийлээ

Нийгэм

ЗГ: Агаарын бохирдлыг ойрын дөрвөн жилд 80-аас дээш хувь бууруулна.

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологийг хэрэглээнд нэвтрүүлнэ.

Хоёр жилийн өмнөөс хэрэглэж ирсэн сайжруулсан шахмал түлшийг энэ өвөл гэр хорооллын 200 мянган өрхийн 700 мянга гаруй иргэн хэрэглэнэ.

Түлшийг буруу хэрэглэснээс үүдэлтэй угаарийн хийн хордлогод өртөх, улмаар амь насаа алдах олон харамсалтай хэрэг гарсан. Тиймээс хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй айлуудыг эрсдэлийн үнэлгээ хийн эрэмбэлжээ.

Улмаар нийслэлийн хэмжээнд 63,620 айл өрх угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон байна. Тиймээс дээрх айлуудад угаар мэдрэгч дохиолол суурилуулан хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагаар хянах зохицуулалт хийжээ.

Өнөөдрөөс эхлэн 12-р сарын 15-ны өдрийг хүртэл сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх ажлыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон байна. Мөн айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг дахин боловсруулахаар ажиллаж байгааг албаны хүн мэдээллээ. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаар бохирдуулагч тоос тоосонцорын хэмжээ 40-50 хувиар буурсан.

Тэгвэл ирэх дөрвөн жилд аграаын бохирдлыг 80-аас дээш хувиар бууруулах зорилтыг засгийн газар тавиад байна.

Ингэхдээ сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нэмэлтээр ашиглалтад оруулж иргэдийн хэрэглээг бүрэн хангахаас гадна хэрэглэж байгаа айл өрхүүдэд гарч болох эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна.