Ковид-19 халдвараар өвдсөн иргэд өмнөх оны мөн үеэс 9.8 дахин өсчээ

Нийгэм

Халдвараар нас барж байгаа иргэдийн тоо дэлхийн дунджаас 3 дахин өндөр байна.

Халамж авч байгаа иргэн 2.3 саяд хүрч өмнөх оноос 50 мянгаар  нэмэгджээ

Улсын хэмжээнд зөвхөн сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Ковид-19 халдвараар 22 мянга гаруй иргэн өвчилж халдварын "нэн хүнд" оношоор 78 хүн нас барсан. Энэ нь Монгол Улс өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлоор дэлхийд 3-т эрэмбэлэгдэж байгаа үзүүлэлт боллоо.

Харин нас баралтын тухайд өдөрт 10-15 иргэн тогтмол амиа алдаж байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр үзүүлэлт гэдгийг олон улсын судалгааны байгууллага гаргажээ. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн оны 8-р сард гарч байсан өвчлөлийг энэ оны 8 сарын байдалтай харьцуулахад 9.8 дахин өссөн байгааг тогтоосон байна.

Халдварын нөхцөл байдлаас үүдэлтэй улсын нийгэм эдийн засгийн үүзүүлэлт он гарснаас хойш эхний найман сард тийм ч таатай байсангүй. Импортын барааны үнийн өсөлт инфляцид үзүүлэх сөрөг нөлөөлөл нь 50 хувьтай гарчээ. Хүнсний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлш, суудлын автомашины үнэ тогтмол өсөлттэй гарсан байна. Мөн халамж авч байгаа иргэд өмнөх оноос 50 мянгаар нэмэгдэж 2.3 саяд хүрчээ.

Засгийн газраас олгож байгаа халамжийн зардал нэмэгдэхэд хүүхдийн мөнгө голлон нөлөөлсөн байна. Мөн халдварын нөхцөл байдлаас үүдэлтэй Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 740 тэрбум буюу өмнөх оноос 3 дахин өссөн дүнтэй гарчээ.

Даатгалаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн дийлэнхийг зүрх судас, ходоодны эм эзэлсэн байна.

Харин Статистикийн газраас танилцуулсан хачирхалтай нэгэн тоо мэдээ бол иргэдийн гар дээр авч байгаа дундаж цалин 69 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.3 сая төгрөгт хүрсэн гэнэ. Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авах чадвар төдийлөн өсөөгүй гэх үзүүлэлт гарсан байна.