Төрөөс хоол хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөр эрхлэх боломжтой 100 гаруй мянган иргэн байна

Нийгэм

Халамж авдаг хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг ажлын байраар хангана.

Монгол Улс 2030 он гэхэд нэн ядуу гэх бүлгийг үгүй болгоно гэдэг томоохон зорилт тавьсан. Гэвч гурван хүн тутмын нэг нь "ядуу" гэх ангилал сүүлийн хэдэн жилд тогтвортой байгаан дээр цар тахалтай холбоотой ядуу айл өрхийн тоо өсөх болсныг Дэлхийн банкны судалгаа харуулсан.

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүний тоо жилээс жилд буурч хавтгайрсан халамжаар амьдарч байгаа иргэд олон бий. Үүний ганц жишээ гэхэд хөдөлмөр эрхлэх боломжтой, хөдөлмөрийн насанд хүрсэн 100 гаруй мянган ажилгүй иргэн төрөөс хоол хүнсний дэмжлэг авч амьдарч байна.

Засгийн газар энэ оноос эхлэн халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимтэй баримтална гэж мэдэгдсэн.  Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэх боломжтой дээрх 100 гаруй мянган иргэнд олгож байгаа хоол хүнсий дэмжлэгийг үе шаттай зогсоож ажил хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллана

гэж салбарын сайд мэдэгдлээ.

Цар тахлаас үүдэлтэй айл өрхийн хэрэглээ 2016 оноос хойш хамгийн доод түвшиндээ хүртэл буурч, ядуу айл өрхүүдийн нөхцөл байдал улам муудаж байгааг Дэлхийн банк сануулсан. Тэгвэл салбар яам дээрх айл өрхүүдэд дэмжлэг олгохдоо халамж гэхээс илүүтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллана гэдгийг онцоллоо.