Барилгын материалын үнэ өссөн нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийг "гацахад" хүргэжээ

Нийгэм

Сүүлийн хоёр жилд зарим барилгын материалын үнэд огцом өсөлт гарлаа. Тухайлбал, арматур 81%, хуванцар цонх 62%, дулаалгын материал 92%, мод, модон материал 69%, тоосго 52%, хөнгөн блок 13 хувиар тус тус өсжээ. 

Энэхүү өсөлт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бүтээн байгуулалтад үнийн зөрүү үүсгээд байгаа юм. Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн хэрэгжилт удаашрахад хүрээд байна.

Улсын төсвийн хөрөнгөөр нийт 1000 гаруй төслийн ажил үргэлжилж байна. Үүний 360 нь Барилгын хөгжлийн төвийн бүртгэлд байгаа юм. Барилгын хөгжлийн төвд бүртгэлтэй төсөл арга хэмжээний хүрээнд нийт 204 тэрбум төгрөгийн ачаалал улсын төсөвт ирэхээр байгааг албаныхан хэлж байна.

Барилгын материалын үнийн өсөлттэй уялдуулан нэмэлт зардлыг ирэх оны улсын төсөвт тусгахаар төлөвлөж байна. Хэрвээ ирэх оны төсөвт багтаж амжихгүй бол 2023, 2024 оны төсөвт тусгахаар төлөвлөж байгааг гэдгийг салбар яамнаас мэдээллээ.