С.Эрдэнэбат: Энгийн иргэд эрх мэдэлтнүүдээс 10 дахин өндөр хүүтэй зээлээр амьдарч байна

Архив /2022.01.27/

Нийгэм

МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлагад ард иргэдийн амьдрал доройтож, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа тухай дурьдаад зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг тусгажээ. Эрх мэдэлтнүүд хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч, түүнийгээ эргэн төлдөггүй. Гэтэл эгэл ард, хөдөлмөр эрхлэгчид банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ цаг тухайд нь төлдөг. Энэ нь ард иргэдийн амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж байгааг МҮЭХ-ноос хэлж байна. 

Цалингийн зээлийн хүүг жилийн 9 хувь, хэрэглээний зээлийг сарын 1 хувиас дээшгүй байлгахыг засгийн газраас шаардлаа.

Улсын хэмжээнд инфляцийн түвшин 14.6 хувьд хүрсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд 16 хувь давсан. Өөрөөр бол нэг иргэний сарын хэрэглээ сая төгрөгт багтдаг байсан бол огцом өссөн инфляцийн хөөрөгдлөөр сарын хэрэглээ 1.2 -1.3 саяд болсон гэсэн үг.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн огцом өсөлттэй байгаа энэ үед иргэдийн цалин хөлсний орлого нэмэгдээгүй. Үүнээс гадна өрхийн хэрэглээ нь хүрэлцэхгүй хүмүүс өндөр хүүтэй зээл авч байгааг МҮЭХ-ноос шүүмжиллээ.

Эрх мэдэлтэн өндөр албан тушаалтнууд жилийн гурван хувь, ЖДҮ сангийн зээл, Хөгжлийн банкны луйвар гээд хэдэн арван тэрбумаар нь хүүгүй зээл авч байхад жирийн иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байгааг хэлж байгаа юм.

Тиймээс засгийн газар иргэдийн цалингийн зээлийн хүүг 1 оронтой тоонд барих буюу 9.9 хувь хүргэж бууруулах, хэрэглээний зээлийн хүүг сарын 1 хувиас дээшгүй байлгах шаардлага тавилаа. Энэ сарын 28-ны өдөр гэхэд ямар нэг арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм. Энгийн иргэд эрх мэдэлтнүүдээс 10 дахин өндөр хүүтэй зээл авч амьдарч болохгүй гэдгийг онцолсон юм.