Номын сангуудын үйл ажиллагаа жигдэрч, ердийн хуваарийн дагуу ажиллаж байна 

Нийгэм

Хүүхдийн номын сан уншигч хүүхдүүдээ ажлын өдрүүдэд хүлээн авч байна.

Танхимын хичээл эхэлсэн энэ үед сурагч хүүхдүүд номын сангаар үйлчлүүлэх идэвх нэмэгджээ.

Тухайлбал, Хүүхдийн төв номын сан ажлын өдрүүдэд 10-18 цагийн хооронд уншигчдадаа үйлчилж байна. Хэдийгээр халдвар хамгааллын зэрэглэл нэг түвшин буурч, хөл хорио хязгаарлалт цуцлагдсан ч уншигчид амны хаалтыг тогтмол зүүж, гараа ариутгана, хүн хоорондын зай барих шаардлагатайг номын санчид санууллаа. 

Хүүхдийн төв сан нь танхимын уншлагын үйлчилгээ үзүүлэхээс гадна сонирхсон номоо 7 хоногийн хугацаатай гэрээр авч явах боломжийг уншигчдад олгож байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ном ариутгах төхөөрөмжийг суурилуулан уншигчдын гар дамжсан номыг ариутгаж дараагийн уншигчид шилжүүлж байна.

Хүүхдийн төв номын сангаас бүртгэлтэй уншигчдаас гадна иргэдэд хоёр төрлийн үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Иргэд хүн хүний гар дамжсан, олон жил хадгалж байгаа хувийн номоо номын сангийн ариутгалын төхөөрөмжөөр ариутгуулах боломжтой. Мөн урагдсан, гэмтсэн номоо мэргэжлийн хүнээр сэргээн засварлуулах боломжийг олгож байна.