Гадаад улсаас ирэх Монгол Улсын болон гадаадын иргэдэд тавигдах зарим шаардлага, зохицуулалтын талаар:
• Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 66 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөр цуцалсан.
• Улсын Онцгой комиссын 2022 оны 1 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг “Шар түвшин”-д 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн.
• Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 386 дугаар тогтоолоор Монгол Улсын олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түр зогсоогоод байна.
• Монгол Улс руу зорчих Монгол Улсын болон гадаадын иргэдээс коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй.
• Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигчид хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын ПГУ шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсвэл дээрх хугацаанд өгсөн ПГУ шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай. /Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 58 дугаар тушаал/
• Монгол Улсын хилээр нэвтрэх 0-4 насны хүүхдээс коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ шаардахгүй.