Украинд сурч, амьдарч байгаа манай улсын 21 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байсан. Метроны буудалд хорогдож байсан эдгээр оюутнуудын наймыг нь татан аваад байна. Одоо 13 иргэн Украины хил рүү явж байгааг албаныхан дуулгалаа. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Харьков хотод 23 монгол оюутан бий. Эдгээр оюутнуудаа хэрхэн татан авах асуудлыг судалж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Өчигдөр Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилээр нэвтэрлээ. Гурав нь өнөөдөр Монгол руу ниссэн бол нэг иргэн хувийн ажлаар Европын өөр улс руу зорчжээ. Өнөөдөр дөрвөн монгол иргэн Польшийн хилээр нэвтэрсэн байна. Варшав хот дахь ЭСЯ-ны ажилтан иргэдээ тосч аван Варшав руу явна гэж ГХЯ-наас мэдэгдлээ. Нэг иргэнийг Украин Польшийн хилийн бүс рүү орж авсан байна. Одоогоор нийт найман иргэн Украины хил нэвтрээд байна.
Нөхцөл байдал Харьков хотод амаргүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байгаа. Энэ хотод манай улсын 23 иргэн суралцдаг. Эдгээр оюутнууд бүгд эх орондоо буцах хүсэлтээ Элчин сайдын яаманд гаргаад байна.
Киев хотоос гарсан монгол иргэд Польш-Украины хил дээр ирнэ. Эдгээр иргэдээс 10 нь галт тэргээр, гурав нь Өргөмжит консулын машинд сууж хил рүү ирж байгаа гэлээ. Иргэдийг татан авахад шаардлагатай зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрахад 3-4 сая төгрөг зарцуулагдах тооцоог албаныхан гаргаад байна.