“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Орхон аймагт “Ногоон-Эрдэнэт” сэдэвт зөвлөгөөн боллоо.
Энэ аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж гэрээнд гарын үсэг зурцгаалаа.
Цөлжилтийн үнэлгээгээр Орхон аймгийн газар нутгийн 27.3 хувь нь газрын доройтолд дунд болон сул өртсөн. Хөрсний бохирдлын хувьд цайрын агууламж зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байна. Тиймээс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрх бүр таван мод тарих уриалга гаргаад байна.
Мөн аж ахуйн нэгжүүд мод тарих хөтөлбөрийг түүчээлэн хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад байна. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 10 сая, “Эрдмин” ХХК 2 сая, “Ачит Ихт” ХХК 3 сая, “Зэс эрдэнийн хувь” ХХК 1.5 сая, “Ган сэнтий” ХХК 100 мянган модыг орон нутагтаа тарьж ургуулах юм.
Үндэсний хөдөлгөөний дүнд аймгийн хэмжээнд ойн сангийн талбай 7.7 хувиар, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай дөрөв дахин нэмэгдэх тооцоо гарсан байна.