Бусдын толгой дээр кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан оюутан “А”-г сургуулиас нь хасахаар боллоо 

Нийгэм

Кофе шопоор үйлчлүүлж буй охид хоорондоо маргалдаж нэгнийхээ толгой дээр кофе асгасан хэрэг өчигдөр гарсан. Кофе асгаж буй охин нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар дамжааны оюутан болох нь олон нийтэд ил болсон. Хуулийн ангийн оюутан ёс зүйгүй үйлдэл гаргасан энэ хэрэгт сургуулийн удирдлагууд хариуцлага тооцож сургуулиас хасах санал гаргаад байна.  

18 настай охины толгой дээрээс халуун кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р дамжааны оюутан Б.Ариунзаяагийн үйлдэл хүн хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж сургуулийн захиргаа үзлээ. Бусдын толгой дээр буцалсан халуун кофе асгаж байгаа бичлэг нь цахим сүлжээнд цацагдаж олон нийтийн бухимдлыг төрүүлсний зэрэгцээ өөрийн цахим хуудасны дагагч өсч байгааг гайхуулан ярих түүний үйлдэл олон нийтэд таалагдаагүй.

Үүгээр зогсохгүй өөрийн үйлдэлдээ гэмшсэн зүйлгүй бүжиглэж байгаа бичлэгээ цахим хуудсандаа цацсан нь Монгол Улсад хууль сахиулахаар суралцаж байгаа хүний үйлдэл гэхэд бүдүүлэг, ёс зүйгүй байгааг иргэд шүүмжилж байгаа юм.

МУИС-ийн Хууль зүйн сургууль оюутнуудын ёс зүйд анхаарна 

Тиймээс хүн хоорондын харилцааны наад захын ёс зүй байхгүй түүнд хүний амьдралыг шийд гээд мэргэжил эзэмшүүлэн диплом олгож чадахгүй гэж сургуулийн зүгээс мэдэгдэн түүнийг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хасах саналыг төв сургуулийн захиргаандаа хүргүүлсэн юм.

С.НАРАНГЭРЭЛ: Хүмүүний харилцааны наад захын хэмжээг зөрчсөн хүнд хүний амьдралыг шийд гээд диплом олгож чадахгүй

Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр өглөөнөөс эхлэн оюутан охины гаргасан үйлдэл холбогдсон хэргийн талаар хэлэлцэж ямар арга хэмжээ авахаа зөвшилцсөн. Захиргааны зүгээс оюутан А-тай холбогдож, хуралд ирж тайлбар хэлэхийг шаардан гар утас болох цахим хаягууд руу нь мэдээлэл явуулсан ч огт хариу өгөөгүй байна.

Хууль сахиулж хүний хувь заяаг шийдэх хэмжээний мэргэжил эзэмшиж байгаа хүний хувьд гаргасан үйлдэл нь дэндүү бүдүүлэг байсан нь цагдаагийн байгууллага гэм буруутайг тогтоогоогүй байлаа ч сургуулиас хасах шийдвэрт нөлөөлөхгүй гэдгийг хэлсэн юм.

Цаашид МУИС-ийн Хууль зүйн сургууль оюутнуудын ёс зүйд онцгой анхаарч ажиллана хэмээн сургуулийн захирал мэдэгдлээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр жилийн өмнө өмгөөллийн эрхээ хасуулжээ 

Оюутан А-гийн гаргасан үйлдэлд олон нийт бухимдаж түүний аав болох өмгөөлөгч Батбаярт ч хариуцлага ярих ёстой хэмээн шаардаж байсан. Тэгвэл өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо албан ёсны мэдэгдэл гаргаж охины аав өмгөөлөгч Батбаяр жилийн өмнө өмгөөллийн эрхээ хасуулсан гэж мэдэгдсэн. Олон нийтийн зүгээс охиныхоо хүмүүжилд анхаараагүй аавд ч буруу байгаа хэмээн шүүмжилж байгаа юм. Хууль зүйн сургуулийн оюутнууд  ч А-гийн үйлдэл ёс зүйгүй гэдгийг онцолсон юм

Хууль зүйн сургуулиас ёс зүйн зөрчлөөр хасагдаж байгаа тохиолдол өнөөдөр анхных биш гэдгийг сургуулийн захиргаанаас мэдээллээ. Өмнө хэд хэдэн оюутан ёс зүйн зөрчил гарган хасагдаж байсан ч энэ удаагийх дэндүү бүдүүлэг байсныг ч хэлж байна. 

ШУУД ҮЗЭХ