Шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгдлээ

Нийгэм

Шатахууны үнийг төрөөс шууд зохицуулахаа больж газрын тосны гадаад зах зээлийн үнэтэй уялдуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа нэмэгдээд байгаа АИ92 авто бензин өнөөдөр дахин 100 төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр литр тутмын үнэ 2390 төгрөг болж байгаа юм. Иргэдийн тухайд шатахууны үнийн нэмэгдэл амжиргаанд нь шууд нөлөөлж хүндээр тусч байгааг хэлж байна.

Манай улс шатахууны жижиглэнгийн үнийг өнгөрсөн хугацаанд үнэ тогворжуулах хөтөлбөрийн хүрээнд нэг түвшинд тогтоон барьж байсан. Гэсэн ч цар тахлын нөлөөгөөр дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдсээр байсан нь хатуу бодлогоор тогтоох аргагүйд хүргэсэн. Тиймээс засгийн газар болон шатахуун импортлогчид зах зээлийн журмаар үнэ өөрчлөгддөг байх шийдвэрт хүрсэн.

Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдээд байгаа юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нөөлөөгөөр хамгийн өргөн хэрэглээний шатахуун болох АИ92 автобензины литр тутмын үнэ 1600 орчим төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2390-д хүрээд байна. Өнөөдөр АИ92 автобензин 100 төгрөгөөр нэмэгдлээ.

Цар тахлын дараах улс орны эдийн засаг агшилттай хэвээр. Иргэдийн орлого ч бага хэвээр байгаа юм. Гэтэл дэлхийн зах зээлийн үнэ гэх том далбаан доор шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэж иргэдийн халаасыг тэмтэрсээр байгааг иргэд шүүмжилж байна.