Он гарсаар 58 мянган удаа газар хөдөлсний 14 нь хүнд мэдрэгдсэн

Нийгэм

Хот тойрсон боломжит гурван голомт дээр дохио илгээх систем суурилуулсан. 6-7 баллын чичиргээ үүсвэл энэ систем маань автоматаар дуугарч, гамшиг болохоос 30 секундээс нэг минутын өмнө иргэдэд мэдээлэл өгнө.

ШУА-ийн Одон орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.Өлзийбат:

"2021 он гарсаар Монгол Улсын газар нутагт 58 мянган удаа газар хөдлөлт явагдсан. Үүнээс хүнд мэдрэгдсэн 14 газар хөдлөлт байна. 3.5 баллаас дээш газар хөдлөлт хүнд мэдрэгддэг. Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүсэд багтдаг. 2000 он гарсаар хүчтэй газар хөдлөлтүүд явагдаж байна. Хүн амын суурьшилт харьцангуй багатай учир бид хохирол бага амсч байна. Саяны газар хөдлөлтийн ойролцоо барилга, байгууламж байсан бол хохирол амсах байсан. Улаанбаатар хот барилга ихтэй, хүн амын төвлөрөл их учир газар хөдлөлтийн тал дээр анхаарал хандуулах цаг нь ирсэн. Хот тойрсон боломжит гурван голомт дээр дохио илгээх систем суурилуулсан. 6-7 баллын чичиргээ үүсвэл энэ систем маань автоматаар дуугарч, гамшиг болохоос 30 секундээс нэг минутын өмнө иргэдэд мэдээлэл өгнө. Энэ зөвхөн Улаанбаатар хотын оршин суугчдад зориулагдсан систем. Систем маань гамшиг үзүүлэх хэмжээнд хүрвэл л автоматаар ажиллана. Хотыг тойроод олон улсын станцуудтай нийлээд 30 гаруй газар хөдлөлтийг мэдрэх станц бий. Бидэнд гамшгийн төлөвлөгөө, зөвлөмж байгаа. Говь-Алтайн хагарал 700 км урт. Дээд тал нь 8 магнитуд хүрэх боломжтой. Гэхдээ 2500-3000 жилийн давтамжтай хүчтэй газар хөдлөх тооцоо гаргасан. Хотод баригдаж буй барилгуудын чанарыг сайжруулж, эрдэмтэд, судлаачдын зөвлөгөөг сонсох хэрэгтэй"

гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ