Нийгэм

 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд дахин барилга барихаар газар ухаад байсныг иргэд эсэргүүцсэн. Учир нь дөрвөн талдаа орон сууцтай битүү барилгаар хүрээлэгдсэн газрын дунд хэсэгт дахин барилга барих нь иргэдийг тав тухтай зорчих боломжгүй болгоно хэмээн оршин суугчид бухимдаж байсан юм. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ч барилга барих асуудал иргэдийн амьдрах орчинд халтай байгааг хотын даргад уламжилж байсан удаатай.

Харин өнөөдөр хотын дарга Д.Сумьяабазар албаны хүмүүсийн хамт оршин суугчидтай уулзаж барилга барихаар төлөвлөсөн ажлыг зогсоох үүрэг өглөө. Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга барихаар ухсан газрыг 1994 онд өмч хувьчлалаар авсан байжээ. Тус газарт хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд буулган орон сууц барихаар газар шорооны ажлыг эхлүүлээд байжээ. Харин хотын дарга ажлыг зогсоож тус хэсэгт ногоон байгууламж барих уу эсвэл доороо машины зогсоолтой дээрээ ногоон байгууламж байх уу гэдэгт иргэдийн саналыг авах чиглэл өглөө. Тус газрыг 1994 онд өмч хувьчлалаар авсан бол газрын үнэнд дүйцүүлж өөр газар олгон асуудлыг шийдэх үүргийг албаны хүмүүст өглөө. Иргэдийн зүгээс хүүхдийн тоглоомын талбай хөгшидийн нарлаж суух газар хэрэгтэй байхад байр хоорондын зай найман метр хүрэхгүй болгож барилга барих нь хөл гишгэх газаргүй болохтой адил хэмээн хотын даргад асуудлаа хэлж байсан юм.