Photo credit:Harry How/Getty Images, Artur Widak/NurPhoto via Getty Images

Спорт

Ираны бөхөд “Зориуд ялагд” гэж хэлсний дараа тэрээр эх орноо орхин Монголын төлөө Олимпын мөнгөн медаль хүртжээ. 

Мягмар гарагт Саеид Моллай Токио-2020 олимпын наадмаас жүдо төрлөөр мөнгөн медаль хүртэж, энэ ялалтаа өөрийн орны дайсан гэгдээд байгаа Израилд зориулжээ.

Иранаас гаралтай Моллай одоо Монголын төлөө өрсөлдөж байгаа, мөнгөн медалиа Израилд зориулж байна гэжээ. Иран, Израил хоёр улс 1985 оноос хойш зөрчилдөөнтэй байгаа.

Jerusalem Post-ийн мэдээлж байгаагаар, Моллай нь Израилийн сувагт ярилцлага өгөхдөө

"Энэ бүх эрч хүчийг өгсөн Израилд баярлалаа. Мөн энэ медалийг та нарт зориулж байна. Израилчууд энэ ялалтад баяртай байна гэж найдаж байна. Баярлалаа"

гэжээ.

Моллайгийн Иранаас явсан шалтгаан нь Токио хотноо 2019 онд болсон Жүдогийн ДАШТ-нээс үүдэлтэй. Тэр үед Моллай эх орон Иранаа төлөөлж байсан. Хагас шигшээ хүртэл шалгарсан тэрээр өмнөх жил Азербайжанд болсон тэмцээнээс хүртсэн алтан медалиа хамгаалахыг зорьж байсан ч Ираны эрх баригчид түүнд барилдаандаа зориуд ялагдал хүлээхийг тушаажээ. Учир нь тэгснээр тэр финалд Израилийн аварга Саги Мукитай нүүр тулахгүй байх ёстой байсан гэнэ. 

Олон Улсын Жүдогийн Холбооноос Ираны ийнхүү хөндлөнгөөс орж байгааг 

"ОУ-ын Жүдогийн холбооны дүрэм журам, эрх зүйн ашиг сонирхол, зарчим, зорилгыг зөрчиж байна"

хэмээн Ираныг дөрвөн жилийн турш тус холбооны тэмцээнд оролцохыг түдгэлзүүлсэн юм байна.

Ираны эрх баригчид түүнд шахалт үзүүлсэн нь ил болсны дараа Моллай эх орноосоо дүрвэж нуугджээ. 2019 оны 8 сард Германаас хоёр жилийн визийн хугацаатай улс төрийн орогнол хүсч, дараа нь 2019 оны 12 сард Монголын иргэн болжээ.

Моллай болон Израилын бөх Муки хоёр сайн анд нөхдийн харилцаатай. Тэд олимпын наадамд сүүлийн хоёр жил бэлтгэл сургуулилалтаа хамтдаа хийж өнгөрөөсөн. Янз бүрийн олон улсын уралдаан тэмцээнд бие биенээ дэмжиж иржээ. 

Муки Токио Олимпод шилдэг 8-ны шигшээд барилдахдаа Мягмар гарагт ялагдал хүлээсэн ч Моллайг мөнгөн медаль хүртсэнд баяртай байна гэжээ.

Муки:

"Би Саеидын төлөө супер баяртай байна. Тэр юу туулсныг хэр их хэмжээний зүйл хүсч байсныг би мэднэ. Тэр миний хамгийн дотны найз. Тэр мөрөөдлөө биелүүлж байгаад би баяртай байна. Тэр ингэх эрхтэй. Түүний аялал бол үнэхээр урам зориг авмаар"

гэж The Times of Israel-д ярилцлага өгчээ.

Өнгөрөгч 2 сард Тел Авивт болсон ОУ-ын жүдогийн тэмцээнд Моллай оролцох үед түүнийг Израилын ард түмэн халуун дотно хүлээн авсан гэнэ. 

"Израилчууд намайг ирснээс хойш их сайн хандаж байсан"

гэж CNN-д дурджээ.

"Өнөөдөр би Израилын багтай бэлтгэл сургуулилалт хийлээ. Тэд их эелдэг байсан. Би хэзээ ч мартахгүй" 

гэжээ.

Моллай, Муки нарын нөхөрлөлийг мөн ТВ олон ангит сериал болгон хийж байгаа гэнэ. Тэд өөрсдийнхөө нөхөрлөлийн түүхийн талаарх зохиолын эрхийг MGM/UA Телевиз болон Израилын Тадмор Энтертэйнментэд худалджээ.

 

Эх сурвалж: Business Insider