Дэлхий дахинд шинэ үеийн хагас дамжуулагчийн зах зээлд байр суурь эзлэх өрсөлдөөн эрчимжиж байгаа үед Японы томоохон найман компани хамтран шинэ үеийн хагас дамжуулагчийг бүтээхээр ажиллах болсон байна. Тэдний эцсийн зорилго нь таван жилийн дараа гэхэд 2 нанометрийн чипийг дотооддоо үйлдвэрлэх юм байна.
Консорциумын ерөнхийлөгч Койкэ Ацуёши "Дэвшилтэт хагас дамжуулагчийг хөгжүүлэх тал дээр бид 10, 20 жилээр хоцорч байна. Иймд энэ нэгдэл нь бид үйлдвэрлэлийн давуу талаа ашиглан дэлхийд хувь нэмэр оруулах сүүлчийн боломж юм" гэж мэдэгджээ. Консорциумд Toyota Motor, Sony групп, харилцаа холбооны аварга NTT багтаж байна, тэд хамтран Рапидиус хэмээх компанийг байгуулж дэвшилтэт чип боловсруулахаар төлөвлөжээ. Чип нь өөрөө жолооддог машин, суперкомпьютер, ухаалаг хот гэгдэх технологийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Иймд дэлхий даяар чип үйлдвэрлэгчид илүү нимгэн хэлхээ бүхий загвар бүтээхээр өрсөлдөж байгаа юм. Тухайлбал, Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнгөрөгч 6-р сард 3 нанометрийн чипүүдийг олноор үйлдвэрлэж эхэлсэн бол Тайваньд төвтэй TSMC компани 2025 он гэхэд 2 нанометрийн чипийг худалдаанд гаргахаар зорьж байна.
Япон улс 1988 онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн тэн хагасыг хангадаг байсан бол одоо импортоос ихээхэн хамааралтай болжээ. Иймд импортын хэт хараат байдлыг цаашид тэвчих ёсгүй, дотоодын чипний үйлдвэрлэл нь эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж Японы засгийн газар үзжээ. Гэхдээ 30 жилийн хоцрогдлын зөрүүг гүйцэж, нөхөх нь тийм ч амар биш гэж шинжээчид харж байна. Иймд амжилтанд хүрэх түлхүүр нь чип үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн технологи дээр ажиллах чадвартай хүний нөөцийг хөгжүүлэх явдал юм гэж Консорциумынхан онцолжээ. Мөн тэд зорилгодоо хүрэхийн тулд гадаадад, тэр дундаа АНУ-ын зарим үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.