Иракийн Эрбиль хотын нисэх буудлын дэргэд халдлага дэлбэрэлт болжээ

Үйл явдал

Иракийн Эрбиль хотын нисэх буудлын дэргэд ар араасаа хүчтэй халдлага дэлбэрэлт болжээ. Халдлагыг нисэгчгүй дрон ашиглан үйлдсэн талаар Курдын аюулгүйн албанаас мэдээлж байна.

Халдлага дайралтад азаар хүний амь нас хохироогүй байна. Түүнчлэн нисэх буудлын барилга төдийлөн өртөөгүй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Халдлагыг тэсрэх бөмбөг бүхий дрон ашиглан үйлдсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар нисэгчгүй дроноор үйлдсэн халдлагын бай нь Эрбиль хотын нисэх буудлын дэргэд байрлах АНУ-ын консулын газар байсан байж болох ч азаар халдлагын үеэр ноцтой хохирол учраагүй байна.

Халдлагын үеэр нисэх буудлаас холгүй 3 пуужин дэлбэрсэн талаар мэдээлж байгаа юм. Иракийн хойд хэсэгт байрлах Эрбиль хотод Америкийн цэргийн бааз байрладаг байна. Өнгөрсөн онд Эрбиль хотын нисэх буудал хэд хэдэн удаа халдлагад өртөж байжээ.

Эдгээр халдлагыг Ирак дахь шиитын зэвсэгт бүлэглэл зохион байгуулсан гэж Америкийн тал үзэж байсан юм. Иракт өнөөдрийн байдлаар Америкийн 2,500 цэрэг дайчин байрлаж байна.