Ангела Меркель ХБНГУ-ын канцлерын хувиар сүүлийн удаа Франц оронд айлчилж байна

Үйл явдал

Германы Холбооны канцлер Ангела Меркель улсынхаа засгийн газрын тэргүүний хувиар Францад сүүлийн албан ёсны айлчлалаа хийж байна. Ангела Меркель пүрэв гарагт Елисейн ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ.

Парист хийсэн уулзалтын үеэр Ангела Меркель, Эммануэль Макронтой олон улсын анхаарал татсан сэдвүүд, тэр дундаа Афганистаны хямрал, Европын стратегийн автономит байдал зэргийн талаар хэлэлцжээ.

Германы Холбооны канцлер Елисейн ордонд болсон уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ:

-Бид Афганистан дахь НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болсны дараа ч ирээдүйд алан хядлага терроризмтай хийх тэмцлээ үргэлжлүүлэх болно гэжээ.  Түүнчлэн цаашид Европын автономит байдлыг хамгаалах нь бидний хамтын үйл хэрэг, хамтын зорилго хэвээр байх учраас Сахелийн бүс, Ливи дэх алан хядлага, терроризмтай тэмцэх ажиллагаагаа үргэлжлүүлэх болно

гэдгийг Меркель онцолжээ.

Германд 10-аад хоногийн дараа парламентын сонгууль болох юм. Бундестагийн сонгуулийн дараа Ангела Меркель их улс төрөөс хөндийрч, канцлерын суудлаасаа бууна.