Үйл явдал

АНУ-д сүүлийн үед Ази гаралтай иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тохиолдол гарсаар байна. Сан Франциско хотод 76 настай Хятад эмэгтэй халдлагад өртөж, хүнд гэмтэл авсан. Үүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө Атланта хотод Азиудын ажиллуулдаг массажны газарт зэвсэгт халдлага гарч, зургаан хүн амь насаа алдсан юм.

Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолойгоо өргөж байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод иргэд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал хийлээ. Тайван замаар хийсэн жагсаал цуглаанд 10 мянга орчим хүн оролцсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Зөвхөн нийслэл Парис төдийгүй хүн ам ихтэй бусад хотуудад ч бас иргэд жагссан гэж эх сурвалжид дурдлаа. Иргэд эрх чөлөө, тэгш байдлыг эрхэмлэн, арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүрэн халах хэрэгтэй гэсэн уриан дор дуу хоолойгоо өргөжээ.