ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катар 12 жилийн өмнө авсан нь, олон талаар анхдагч болох эхлэлийг тавьжээ. Энэ талаар Америкийн CNN агентлаг хэрхэн дүгнэн мэдээлснийг хүргэе.
Ойрх Дорнодод анх удаа FIFA-гийн тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулагч орны хувьд Катарын баг анх удаа тэмцээнд мөн оролцож байна. Үүнээс гадна, ДАШТ 5,6, 7-р саруудад ихэвчлэн зохион байгуулагддаг бол, тус саруудад Катар 40 хэмд хүрч халдаг тул анх удаа уламжлалыг эвдэж байгаа юм. Гэхдээ Катарт өвөл ч 30 хэм орчим байдаг тул зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнгүүдэд өндөр технологийн хөргөлтийн систем тавих зэрэг олон аргаар халуунтай тэмцэж байгаа юм.
Өнгөрсөн 21 Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний аль нь ч Исламын шашинт оронд зохион байгуулагдаж байгаагүйг CNN онцолж байна. Энэ удаагийн тэмцээн харин, тус бүс нутагт алдаршиж байгаа спортыг тэмдэглэх боломжийг олгож байгаа юм. Гэхдээ, Исламын шашинт Катарт согтууруулах ундааг олон нийтийн газар хэрэглэхийг хориглодог тул зохион байгуулагчид үүнд мөн шийдэл олох шаардлагатай болсон байна. Үүний үр дүнд, нийслэл Доха даяар фанатуудад зориулсан согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай цэгүүдийг бий болгожээ, цэнгэлдэх хүрээлэнд харин согтууруулах ундаагаар үйлчлхгүй юм. Тус цэгүүдийн нэгт шар айраг авахаар оочирлож буй фанатуудын бичлэгийг Ройтерс агентлаг дамжууллаа.
Катар улс мөн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа хамгийн жижиг орон юм. 3 саяас бага хүн амтай улсад, тэмцээнийг явуулах бүх 8 стадион хоорондоо 1 цагийн зайтай. Тээврийн дэд бүтэц бүгдэд хүрэлцэхүйц хангалттай гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна, цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хоорондын зай бага байхын нэг давуу тал нь хөгжөөн дэмжигчид нэг өдөр 2 өөр тэмцээн үзэх боломжтой гэж CNN мэдээлж байна. Катар 2022 мөн, анхны эмэгтэй шүүгчтэй эрэгтэйчүүдийн ДАШТ болж байгааг хэвлэл мэдээлэл онцоллоо. Тэмцээнийг шүүх үндсэн 36 шүүгчийн 3 нь эмэгтэй юм. Мөн дахин 3 эмэгтэй туслах шүүгчид ирж байна.
Фифа, Катар 2022-ыг анхны нүүрс төрөгчийн хий ялгаралгүй ДАШТ болгоно гэж амалсан. Нэг хүнд ноогдох нүүрсхүчлийн хийгээрээ хамгийн ихэд ордог, Катар, хүлэмжийн хийг барих төслүүдэд хөрөнгө оруулж, тэмцээнээс ялгарах бохирдлыг арилгаж, ялгаруулалтыг бага байлгана гэж мэдэгджээ.
Исламын шашинт улсад ижил хүйст харилцаа хууль бус явдал нь олон улсад эсэргүүцлийг өдөөж байгаа юм. Зохион байгуулагчид Катар хэнийг ч халуун дулаанаар хүлээн авах болно гэж мэдэгдэн, хэний ч ялгаварлан гадуурхагдахгүй гэж амалсан байна. Гэхдээ, ижил хүйст харилцааны хуулийг өөрчлөхгүй бөгөөд соёл уламжлалыг нь хүндэтгэхийг жуулчдаас хүсчээ.