ДЭМБ гурван жилийн өмнө гарч 6.6 сая гаруй хүний амь насанд хүрсэн коронавирусын нөхцөл байдлын талаар хэдэн сар тутамд хуралддаг. 12-р сарын 14-нд буюу өчигдрийн хуралдаанаар ДЭМБ-ын тэргүүн, Ковид-19 цар тахал ирэх жилээс олон улсын хэмжээнд онцгой байдал байхаа болино гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдий ийм өөдрөг таамаг дэвшүүлсэн ч, 2-догч орнуудын вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.
Цар тахал намжих шинж тэмдэг байгаа ч, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын олон хэсэг, бүлэг байгаа тохиолдолд, халдварт өвчин дэлхийн асуудал хэвээр байх болно гэж ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Mike Ryan сануулсан байна. Тэрээр энэхүү мэдэгдлийг, Хятадад ковидын хязгаарлалтыг султгаж, халдвар эрс нэмэгдсэн үеэр хийж байгаа юм. Гэхдээ, тэг-ковид бодлогоо цуцлахаас өмнө л Хятадад халдвар эрс нэмэгдэж байсан гэж Раян мэдэгдлээ. Хатуу хязгаарлалт, хяналтаар халдварыг зогсоож чадахгүй тул Хятадад ковид ихэссээр байсан гэж Онцгой байдлын захирал мэдэгдээд, тиймээс ч Хятад тэг-ковид бодлого цаашдаа стратегийн хувьд шилдэг арга биш гэж шийдсэн байх гэж хэллээ. Хятадад цар тахлын хязгаарлалтыг султгаснаар хадлварын давалгаа дэгдэх вий гэсэн болгоомжлол үүсэж, эмнэлгүүдийн гадаа ч дараалал эрс ихэссэн мэдээлэл гарч байгаа юм. 11-р сарын 27-ны, ковидын хамгийн сүүлий үеийн ДЭМБ-ын тайланд, Хятадад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх өвчтөний тоо дөрвөн долоо хоног дараалан нэмэгдсэн гэж дурджээ. Хятад болон бусад улс оронд, иргэд вакцинжуулалтад зөв тунгаар, зөв вакцинаар хамрагдах нь хамгийн чухал байгааг ДЭМБ санууллаа.