Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд Эбрахим Раиси тэргүүлж байна

Улс төр

Персийн булангийн Исламын улс орон болох Иранд ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр Ираны төрийн тэргүүнээр энэ улсын шүүх байгууллагын тэргүүн Эбрахим Раиси сонгуульд тэргүүлж байгаа бололтой. 

Иранд болсон ерөнхийлөгчийн сонгууль нь Исламын улс орон байгуулагдсанаас хойшхи 13 дахь удаагийн сонгууль болжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуультай хамт Иранд хот, орон нутгийн засаг захиргааны тэргүүнийг сонгох 6 дахь удаагийн санал хураалт мөн давхар болсон юм. 

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани улс орондоо явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан улс төрчийн нэр тодорхой болсон гэж мэдэгдэн баяр хүргэсэн ч ялагчийн нэрийг ил тодоор хэлээгүй байна. Гэсэн хэдий ч сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн хоёр ч нэр дэвшигч шүүх байгууллагын тэргүүн Эбрахим Раисид ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ.

Ираны Дээд шүүхийн ерөнхий шүүгч Эбрахим Раиси санал хураалтын дүн байдлаар бусад нэр дэвшигчдээсээ илүү саналтай яваа юм. Тиймээс түүнийг Ираны дараагийн төрийн тэргүүнээр сонгогдоно гэдэгт итгэлтэй байна. Сонгуульд оролцон саналаа өгсөн 28 сая саналыг тоолж дууссаны дараах байдлаар Раисигийн төлөө 17,8 сая нь саналаа өгсөн байна. Тэгвэл түүний араас нэр дэвшигч Мохсен Резаи, Абдельнасер Хемати болон Газизаде Хашеми нар нийлээд 3,3 сая, 2,4 сая, мөн 1 сая санал тус тус авсан дүнтэй байжээ. Ираны сонгуулийн хорооны мэдээлж байгаагаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын сонгуулийн насны 59 сая гаруй сонгогч саналаа өгөх эрхтэй байжээ. Эдгээрээс 1,3 сая нь анх удаа сонгуульд оролцож байгаа, мөн түүнчлэн гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа 3,5 сая иргэн цахимаар саналаа өгчээ.

Баасан гарагт болсон ерөнхийлөгчийн сонгууль ирц идэвхийн хувьд доогуур үзүүлэлттэй сонгууль болсон байна. Нэр дэвшигчдийн хувьд сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч тэргүүлэх ёстой байжээ. Хэрвээ нэр дэвшигчдээс хэн нь ч энэ босгыг давж чадахгүй бол хоёр дахь шатны сонгууль явуулах юм. Ираны ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 5 нэр дэвшигч өрсөлдсөн байна.