Улс төр

Хонконгод одоогоос жилийн өмнө мөрдөгдөх болсон Аюулгүй байдлын тухай хуулийн дагуу анхны ял шийтгэл оногдуулжээ. Хонконгийн хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч, 24 настай Тун Ин-Китад энэхүү хуулийн дагуу Хонконгийн шүүх 9 жилийн хорих ял оноосон байна.

Хонконгийн шүүхээс ийнхүү ял сонссон иргэний хөдөлгөөний идэвхтэн өнгөрсөн оны 6-р сарын 30-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон Аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу шүүгдэн ял сонссон анхны хүн болжээ. 2020 оны 6-р сарын сүүлээр батлагдсан шинэ хуулийг Бээжингийн Төв Засгийн газраас баталж, улмаар Хонконгийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр болсон юм. Энэ хуулийн дагуу Хонконгийн иргэдэд Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэг, үйлдлийн төлөө бүх насаар нь хорих ял оноож болзошгүй хууль батлагдаж байжээ.

Шинэ хуулийн дагуу 9 жилийн хорих ял сонссон Тун Ин-Китыг Хонконгийг Хятадаас салан тусгаарлах үзлийг дэвэргэн, олон нийтийг уриалан турхирсан, мөн террорист үйл ажиллагаа явуулахыг завдсанд буруутган шийтгэжээ. Чухам түүнийг 2020 оны 7-р сарын 1-нд болсон иргэдийн жагсаалын үеэр “Хонконгод эрх чөлөө олго, Хувьсгалт тэмцэл хийе” гэхчлэн уриа лоозон барьж, мотоциклтойгоо цагдаагийн 3 ажилтан руу халдсан хэргийг үйлдсэн гэж үзжээ.

Хонконгод мөрдөж эхэлсэн Аюулгүй байдлын тухай хуулийн дагуу тухайн үед 60 гаруй хүнийг баривчилжээ.  Шинэ хууль баталснаар Хятадын эрх баригчид Хонконг арал дээр өнгөрсөн 2019 оны 6-р сараас 11-р сар хүртэл үргэлжилсэн үймээн самууныг дэгдээж, Хонконгийн эдийн засаг, дэд бүтцэд ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан хэт даврагч үзэлтнүүдийн үйлдлийг цаашид таслан зогсоох боломжтой болсон гэж үзэж байгаа юм.