Афганистанд дотоод хямрал хүчирхийлэл үргэлжилж, талибаны зэвсэгт бүлэглэл байрлалаа ахиулан дайтсаар байна. Өнөөдрийн байдлаар Талибаны бүлэглэл Афганистаны 9 мужийг булаан эзэлж хяналтаа тогтоогоод байгаа юм.
Талибаны зэвсэгт бүлэглэлийн дайчид сүүлийн 7 хоногт дайралтаа эрчимжүүлж, улсынхаа стратегийн чухал байрлал бүхий 9 мужийг хяналтандаа оруулжээ. Зэвсэгт дайчид Афганистаны засгийн газрын хүчинтэй ширүүн тулаан хийж, улсынхаа баруун хойд хэсэгт байрлах дахин 3 мужийн засаг захиргааны төвийг булаан эзэлсэн байна. Талибын дайчид Бадахшан, Баглан болон Фарах мужийн төвийг хяналтандаа оруулжээ.
ЕХ-ны дүгнэж байгаагаар өнөөдөр Афганистаны нийт газар нутгийн 65% нь талибын зэвсэгт дайчдын хяналтад очоод байна.
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани лхагва гарагт улсынхаа хойд хэсэгт байрлах Мазари-Шариф хотод ирж, улсынхаа армийн командлагчийг сольж, цэрэг армийн чөлөөнд гарсан удирдагчдад хандан улс орноо талибын зэвсэгт дайчдаас хамгаалахад нэгдэн тэмцэхэд уриалжээ. Талибын дайчид дараагийн ээлжинд Мазари-Шариф хотыг онилон, булаан эзлэхээр завдаж байгаа юм. Хэрвээ талибаны зэвсэгт бүлэглэл энэ хэвээр дайралтаа үргэлжлүүлсээр байвал 3 сарын дараа Афганистаны нийслэл Кабул хот тэдний мэдэлд очиж болзошгүй гэж болгоомжилж байна.