Гвинейд төрийн тэргүүнээ буулган, цэргийнхэн төрийн эргэлт хийлээ

Улс төр

Баруун Африкийн Гвиней улсад цэргийнхэн төрийн эргэлт хийн, улсынхаа ерөнхийлөгч АльфаКондег албан сэнтийгээс нь хүчээр буулгажээ. Улсынхаа төрийн эрхэнд 2 удаа сууж, улмаар сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулан бүрэн эрхийн хугацаагаа хязгааргүй болгон өөрчилсөн Гвинейн ерөнхийлөгчийг цэргийнхэн хүчээр буулгасан байна. 

83 настай Ерөнхийлөгч Альфа Кондег төрийн эрхээс хүчээр буулгаж, улсынхаа засгийн газрыг тарааж байгаа талаар Гвинейн армийн тусгай хүчин мэдэгджээ. Гвинейн батлан хамгаалах яам өмнө нь төрийн эргэлт хийхийг санаархсан цэргийнхний үйлдлийг таслан зогсоосон гэж мэдэгдсэн ч ерөнхийлөгч одоог хүртэл олны өмнө ил гараагүй, харин босогчид улсынхаа төв телевизээр тэд улс орондоо төрийн эргэлт хийсэн талаар мэдэгдэж байгаа юм.

Цэргийнхэн ерөнхийлөгчийн амь насанд аюул учраагүй, тэд улс орондоо онцгой байдал тогтоож, улсынхаа хилийг хаан, засгийн газрын гишүүдийг яаралтай хуралдаанд ирэхийг хүссэн талаар мэдэгдсэн байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр Гвинейн нийслэл Конакри хотод ням гарагт буун дуу хадаж, тэмцэл тулаан болсноос гадна хотын гол гүүрийг цэргийнхэн булаан эзэлжээ.

Энэ үеэр Конакри хотын иргэдэд орон гэрээсээ гарахгүй байхыг тушааж, гудамж талбайг цэргийнхэн хяналтандаа оруулаад байжээ. Улмаар Гвинейн цэргийнхэн улсынхаа телевизээр ард иргэддээ хандан мэдэгдэл хийж, ерөнхийлөгч Альфа Кондег төрийн эрхээс буулган баривчилсан тухай, мөн засгийн газрыг тараасан талаар мэдэгдсэн байна.

Гвинейд болсон төрийн эргэлтийг НҮБ эрс шүүмжлэн буруутгажээ.