ЕХ, Гвинейн төрийн эргэлтийг шүүмжилж байна

Улс төр

ЕХ, Баруун Африкийн Гвиней улсад цэргийнхэн төрийн эргэлт хийж, улсынхаа ерөнхийлөгчийг буулган, засгийн газраа тараасан үйл явдлыг эрс шүүмжлэн буруутгажээ. ЕХ болон БНХАУ-ын тал Гвинейд болсон төрийн эргэлтийн үеэр цэргийнхэнд баривчлагдсан ерөнхийлөгч Альфа Кондег суллахыг шаардсан байна.

ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель Гвинейн цэрэг армийнхан улсынхаа төр засгийн эрхийг хүч хэрэглэн хяналтандаа авсан үйлдлийг эрс буруутгаж, улс орондоо дотоодын хямрал дэгдэхээс сэргийлэн тайван замаар асуудлаа шийдэхэд уриалжээ.

Гвинейн армийн хурандаа Мамади Думбуй тэргүүтэй цэргийнхэн ням гарагт улс орондоо цэргийн эргэлт хийн, ерөнхийлөгчийн суудалд хугацаагүй суухаар улсынхаа сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулсан ерөнхийлөгч Альфа Кондег баривчлан, засгийн газраа тараасан юм.

Үүний дараагаар улс төрийн эргэлт хийсэн цэрэг армийнхан улсынхаа улс төрийн нам хүчнүүдтэй өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж, төрийн эрх мэдлийг ард түмний сонголтод үлдээх болно гэдгээ мэдэгдсэн юм.