Италийн эрх баригч эвсэл “грин-пасс”-тай холбоотой асуудлаас үүдэн задарч болзошгүй байна

Улс төр

Италийн эрх баригч эвсэл задарч болзошгүй байна. Италийн засгийн газрыг тэргүүлэгч эвсэл улс орондоо нэвтрүүлсэн цар тахлын үеийн “грин-пасс” буюу ковидын үнэмлэхтэй холбоотой асуудлаас шалтгаалан хүндхэн нөхцөл байдалд оржээ. 

Италийн ерөнхий сайд Марио Драги цар тахлын үеийн “грин-пасс”-ыг хаа сайгүй хэрэгжүүлж, хүн амаа ковидын эсрэг вакцинжуулалтад зайлшгүй хамрагдах ёстой гэж үзэж байгаа бол эрх баригч нам хүчинтэй нэгдэгч Маттео Сальвини болон түүний “Лига” нам сөрөг хүчинтэй нэгдэн дээрх арга хэмжээний эсрэг байр суурьтай байна.

Маттео Сальвини энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ хэрвээ бид цар тахлын үеийн хатуу дүрэм журмын асуудлаар тохиролцож чадахгүй бол эвсэл задарч ч болох юм гэжээ.

Италийн иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ вакцин хийлгэсэн, эсвэл коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсныг илтгэх үнэмлэх, мөн хэрвээ цар тахал тусаад эдгэсэн бол түүнийгээ батлах эмчийн бичигтэй байх ёстой юм.