Анн Идальго Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө

Улс төр

Францын нийслэл Парис хотын амбан захирагч Анн Идальго ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Хэрвээ тэрээр сонгуульд амжилттай оролцвол Франц орныг тэргүүлэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм. 

Анн Идальго ирэх 2022 оны 4-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх бодолтой байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Тэрээр ням гарагт Францын хойд хэсгийн Руанд иргэдтэй уулзахүеэрээ энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэж, орой нь телевизийн ярилцлагын үеэр мөн баталжээ.

Анн Идальго улс орондоо хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэх болно гэдгээ илэрхийлж, улс орны “ногоон” хөгжил дэвшил, нэгдсэн Европын төлөө хүч бололцоогоо дайчлан ажиллана гэж мэдэгдэж байна.

Хэрвээ Анн Идальго улсынхаа дараагийн тэргүүнээр сонгогдвол тэрээр анхны эмэгтэй ерөнхийлөгч болоод зогсохгүй мөн хоёр улсын давхар иргэншил бүхий тэргүүн болно. Францын Социалист намын гишүүн 62 настай Анн 2014 оноос Парис хотын мэрээр ажиллаж байгаа, Франц-Испанийн давхар иргэншилтэй улс төрч юм.

Парис хотын амбан захирагчаар ажиллахдаа Анн Идальго нийслэл хотын нийтийн тээврийг шинэчилж, дугуйн замыг олшруулан сайжруулж, авто зогсоолыг гудамжны кафе болгон, хотын төвийн бүс дэх хурдны хязгаарлалтыг 30 км/ц байхаар журамлажээ.

Ирэх оны 4-р сард болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн байдлаар 30 улс төрч нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байна.

Францын одоогийн тэргүүн Эммануэль Макрон ирэх сонгуульд улиран өрсөлдөх эсэхээ одоогоор мэдэгдээгүй байгаа юм.