ОХУ-ын Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн Орос” нам ялалт байгууллаа

Улс төр

Манай хойд хөрш ОХУ-д явагдсан Төрийн Думын сонгуулийн албан ёсны дүн гарчээ. Оросын СЕХ-ны мэдээлж байгаагаар парламентын сонгуулийн саналын хуудсыг 100% тоолж дууссан үзүүлэлтээр “Нэгдсэн Орос” нам сонгогчдын 49,82%-ийн санал авч тэргүүлжээ. Нийтдээ энэ удаагийн сонгуулиар Төрийн Думд улс төрийн 5 нам хүчин суудалтай болж, түүнчлэн 5 бие даан нэр дэвшигч сонгогджээ. 

ОХУ-д явагдсан Төрийн Думын сонгуулийн албан ёсны дүн мэдээг СЕХ-ны албан ёсны сайтад байрлуулжээ.

Сонгуульд иргэд сонгогчдын хамгийн их хувийн санал авсан эрх баригч “Нэгдсэн Орос” намын араас Коммунист нам 18,93%-ийн саналаар 2-рт жагсчээ. Либерал-Ардчилсан нам 7,55%-ийн санал авч удаалсан бол “Шударга Орос” нам 7,46%-ийн санал тус тус авсан байна.

Түүнчлэн энэ удаагийн сонгуульд “Шинэ хүмүүс” нам амжилттай оролцон, парламентад суудалтай болоход тавигдаж байсан 5%-ийн босгыг давж 5,32%-ийн санал авснаар Төрийн Думд мандаттай болж, улс төрийн 5 дахь нам хүчин болж шинээр нэгдэх нь тодорхой болжээ. 

Ингэснээр шинээр эмхлэн байгуулагдах Төрийн Думын шинэ танхимд улс төрийн нэг нам албан ёсоор нэгдлээ.

ОХУ-ын Төрийн Думын сонгууль холимог системээр нэг үе шаттайгаар явагдаж, гишүүдийг 5 жилийн хугацаагаар сонгодог байна. Төрийн Думын 450 гишүүний тал хувийг буюу 225 суудлыг намын жагсаалтаар, харин үлдсэн 225 суудлыг нэг мандаттай тойрогт явагдсан сонгуулийн дүнгээр хуваажээ.

Нэг мандаттай тойрогт хуваалилагдах Төрийн Думын 225 суудлаас сонгуульд тэргүүлсэн “Нэгдсэн Орос” нам 198 суудлыг эзэлсэн бол Коммунистууд-9, “Шударга Орос” эвсэл 8, Либерал-Ардчилсан нам 2 суудал тус тус эзлэхээр боллоо.

Түүнчлэн “Эх орон” нам, “Иргэний индэр” болон “Өсөтийн нам” парламентад тус бүр 1 төлөөлөлтэй болж чадсан бол Төрийн Думын 5 суудлыг бие даан нэр дэвшигчид эзлэхээр болжээ. Оросын СЕХ-ны дарга Элла Памфиловагийн мэдэгдсэнээр энэ удаагийн сонгуулийн ирц идэвхи урьд урьдны сонгуультай харьцуулахад өндөр хувьтай байжээ.

Төрийн Думын сонгуульд иргэд сонгогчдын 51,68% нь оролцсон дүнтэй байгаа нь 2016 оны сонгуультай харьцуулахад өндөр хувь гэж тооцогдож байна. ОХУ-ын Парламентын доод танхим буюу Төрийн Думын 8 дахь удаагийн сонгуульд Оросын 14 нам хүчин оролцсоноос 5 нам суудалтай боллоо.

Сонгуулийн санал авах үйл явц 9-р сарын 17-19-ний хооронд 3 хоног үргэлжилсэн юм.