Их Британийн Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна

Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон улс орондоо цар тахалтай холбоотой хатуу локдаун зарласан үед Даунинг Стритэд болсон үдэшлэгт оролцсон гэх хэрэг, хэл ам түүнийг албан сэнтийгээс нь буулгаж болзошгүй байна. 

Борис Жонсон өнгөрсөн долоо хоногт улсынхаа парламентад энэ талаар өгсөн тайлбартаа хөл хорионы журам ид мөрдөгдөж байх үед Даунинг стритэд болсон арга хэмжээг ажил хэрэгч уулзалт гэж төсөөлөн очсон гэж мэдүүлснийг түүний хамтрагч үгүйсгэсэн байна. 

Борис Жонсоны зөвлөхөөр ажиллаж байсан Доминик Каммингс Их Британийн ерөнхий сайдын улсынхаа парламентад хандан хийсэн тайлбарыг ул үндэслэлгүй, худал ташаа мэдүүлэг гэжээ. Түүнийхээр ерөнхий сайд тухайн үед ажилтнууд нь локдауны үед үдэшлэг зохион байгуулах гэж байсныг мэдэж байсан, өөрөө ч тэрхүү үдэшлэгт биечлэн очсон гээд Жонсоныг парламентад тэрхүү явдлын талаар худал ташаа тайлбар өгсөнд буруутгажээ. Британийн засгийн газрын тэргүүн энэ хэрэг явдлын талаар өнгөрсөн долоо хоногт өгсөн тайлбартаа: -Тэрээр 2020 оны 5-р сарын 20-нд, улс оронд нь цар тахалтай холбоотой хөл хорионы журам ид мөрдөгдөж байх үед Даунинг стритэд болсон арга хэмжээнд уригдан очихдоо үүнийг ажил хэрэгч уулзалт гэж төсөөлөн очсон гээд арга хэмжээн дээр 25 минут саатан, улмаар ажлын өрөөндөө эргэн ирсэн, тэнд чухам ямар арга хэмжээ болсныг сайн мэдээгүй гэсэн тайлбар өгсөн юм. Тэгвэл Жонсоны зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны 11-р сард албан тушаалаасаа буусан Доминик Каммингсийн үзэж байгаагаар ерөнхий сайд Борис Жонсоныг локдауны үеийн журмыг зөрчсөнд буруутгаж, түүнийг нэг бус удаа шүүмжилж байгаа юм. Тэгвэл ийнхүү таагүй хэл аманд өртөөд байгаа ерөнхий сайд Борис Жонсоныг огцрохыг зөвхөн сөрөг хүчний намын гишүүд төдийгүй мөн нам нэгт нөхөд нь ч шаардах болжээ.