Ираны Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж байгаа айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргана

Улс төр

Исламын БН Иран улсын ерөнхийлөгч Ибрахим Раиси ОХУ-д албаны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Ираны тэргүүн Москва хотыг зорихоосоо өмнө түүний ОХУ-д хийж байгаа айлчлал хоёр улсын харилцаанд цоо шинэ уур амьсгал авчирч, хоёр улсын улс төр, худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах айлчлал байх болно гэж мэдэгдсэн байна. 

Ибрахим Раиси Ираны төрийн тэргүүнээр 2021 оны 8-р сард сонгогдсон юм. Түүний ОХУ-д хийж байгаа айлчлал улсынхаа тэргүүнээр сонгогдсоноос хойшхи анхны гадаад айлчлал болжээ. Раиси Москва хотноо хүрэлцэн ирснийхээ дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ явуулан, Төрийн Думын тусгай хуралдаанд оролцох юм. Талууд Москвад хийж байгаа хамтарсан уулзалтынхаа үеэр хоёр улсын худалдаа-эдийн засгийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэх, мөн түүнчлэн бүс нутгийн болоод олон улсын тулгамдсан асуудлуудаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Раиси айлчлалынхаа өмнө хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Орос болон Ираны талуудад нэгдмэл ашиг сонирхол бий, хоёр улсын хамтын ажиллагаа бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд онцгой нөлөөтэй болохыг тэмдэглэн, нэг туйлт хандлагын халахад хамтын хүчин чармайлт гаргана гэдгээ онцлон хэлжээ. Путин, Раиси нар түүнчлэн Москвад хийж байгаа уулзалт хэлэлцээрийнхээ үеэр “үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” буюу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээний талаар тогтон хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Орос, Ираны тэргүүлэгчид Персийн булангийн байдал, олон улсын тавцан дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Ираны ерөнхийлөгч түүнчлэн Оросын Төрийн Думд зочлон тусгай хуралдаанд оролцож, Москва хотын мусульманы сүмээр зочлон, иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.