НАТО дорнод жигүүрээ бэхжүүлж байна

Улс төр

АНУ, НАТО-ийн хамтрагч улс орнуудын цэргийн хүчин, онгоц техник хэрэгслийг Зүүн Европын бүс нутагт байрлуулан, дорнод жигүүрээ бэхжүүлэх боломжийг судлаж байна. 

Энэ талаар Америкийн хэвлэл мэдээллийн эх сурвалжууд Оросын талаас Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотойгоор мэдээлжээ. 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Европын хамтрагчидтайгаа хийсэн цахим зөвлөгөөний үеэр дээрх асуудлыг хөндөн хэлэлцжээ. Тэгвэл Цагаан ордны тэргүүний дээрх санал санаачлага цаг хугацааны хувьд НАТО-ийн цэргийн хүчний Газрын Дундад тэнгисийн уснаа Америкийн “Гарри Трумен” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц оролцсон өргөн хүрээний цэргийн сургуулилт эхлэхтэй давхацжээ. Тэгвэл Оросын тал мөн Беларусь, Балтийн тэнгис, Атлантын бүс гэхчлэн хэд хэдэн чиглэлд мөн цэргийн сургуулилт явуулж байгаа юм. ОХУ түүнчлэн Ирландын тэнгист цэргийн манёвр хийхээр төлөвлөж байгаа талаараа Дублинд урьдчилан анхааруулжээ. Орос-Украины таагүй харилцаанаас үүдэн Барууны улс орнууд Москваг Киевийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, газар нутаг руу нь халдан довтлох гэж байгаад хардан буруутгаж байгаа юм. ЕХ, Украины талд 1,2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бол АНУ Киевт зэр зэвсэг нийлүүлж байна.

Тэгвэл НАТО одоогоор Украин руу цэрэг илгээхгүй гэдгийг Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдсэн байна. Өмнө нь НАТО, Украины хямралтай холбоотой нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор дорно жигүүрт эвслийн нэмэлт хүч илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байжээ.