Олон Улсын Эрүүгийн хэргийн шүүх Киевт тусгай төлөөлөгчийн газар ажиллуулна

Улс төр

3 сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа Украины дайн тулааныг Нидерландын Гаага хотноо төвтэй олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүх тусгай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгана... Үүний тулд Украины нийслэл Киев хотод төлөөлөгчийн газраа байгуулж, тусгай ажлын хэсэг томилон ажиллуулах юм. 

Гаагийн олон улсын шүүхийн Ерөнхий прокурор өнгөрсөн 4-р сард Украины Буча хотод очиж, Оросын цэргүүд гарсны дараа хотын гудамж талбайд орхигдсон амиа алдсан иргэдийн цогцоснууд хаанаас бий болсон, хэн тэдний аминд хүрсэн гэх зэргээр Бучагийн яргалалд гэм буруутай талыг тогтоох үүрэг чиглэл өгсөн. Оросын тал Украины нутагт халдаж, дайн тулаан өдүүлсэн явдлыг “геноцид” гэж үзэх үү үгүй юу, Украины дайн тулааны явцад хичнээн энгийн номхон иргэн амиа алдсан зэргийг эхлээд тогтоох шаардлагатай. Одоогоор олон улсын нийгэмлэг Оросын талыг Украины эсрэг геноцид үйлдэж байна гэж шууд хэлэхгүй байгаа ч Гаагийн олон улсын шүүх ямар ч тохиолдолд Украины дайны дагуу олон улсын бие даасан мөрдөн шалгах ажил явуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Украины иргэд геноцидод өртөж байгаа эсэхийг тогтоож, хөдөлшгүй баримт нотолгоо байх шаардлагатай юм.

Тэгвэл энэ зорилгоор Олон улсын Эрүүгийн гэмт хэргийн шүүх Оросын армийн Украинд явуулсан цэрэг дайны ажиллагаа, дайны гэмт хэргийн дагуу мөрдөн шалгах ажлаа эхлүүлэхээр Киев хотод тусгай төлөөлөгчийн газар байгуулж байна. Энэ газарт Гаага дахь олон улсын шүүхийн албаны төлөөллөөс гадна Эстони, Латви, Словак улсын баг нэгдэх гэнэ. Энэхүү хамтарсан баг Европын шүүхий Евроюст агентлагтай хамтран ажиллаж, баримт нотолгоо, мэдээлэл солилцон ажиллах юм.

Тэгвэл Украины ерөнхий прокурор Ирина Венедиктовагийн өгч байгаа мэдээллээр Украинд өнөөдрийн байдлаар дайны 15 мянган гэмт хэрэг үйлдэгджээ. Хэрвээ арга хэмжээ авч эхлэхгүй бол энэ тоо магадгүй маргааш гэхэд 200, 300-аар тоологдож болзошгүй гэж эмээж байна. Түүнчлэн дайны гэмт хэрэгтэй холбоотой хэргээр өнөөдрийн байдлаар 80 гаруй хүн сэжиглэгдэн шалгагдаж, Оросын 3 иргэн дайны гэмт хэргээр шүүгдээд байгаа юм. Александр Бобыкин, Александр Иванов гэх Оросын иргэдэд дайны хуулийг зөрчсөн хэргээр 11 жил 5 сарын хорих ял оноожээ. Тэднийг Украины Харьков хотод Оросын түрэмгийлэл эхэлсэн эхний өдөр иргэний дүүргүүд рүү гал нээсэн хэргээр яллажээ.