НАТО-ийн тэргүүн Украины талд шаардлагатай тусламж дэмжлэгийг тасралтгүй үзүүлэхэд уриалж байна

Улс төр

Оросын Украины эсрэг явуулж байгаа цэрэг дайны ажиллагаа хэдэн жилээр сунжирч болзошгүй... Ийм дүгнэлтэд НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг хүрч, Киевт Оросын дайсагнасан алхмыг сөрөн зогсоход нь үргэлжлүүлэн дэмжихэд уриалжээ. Тэгвэл энэ хооронд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины дайныг магадгүй хэсэг хугацааны дараа намжина гэсэн итгэл өдрөөс өдөрт буурч байгааг тэмдэглэж, Британийн зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн цэргийн ажиллагаа газар дээр хүрээгээ тэлж болзошгүй гэж анхааруулжээ. 

Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг Герман Bild сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: -Бид Украины дайн сунжирч, магадгүй хэдэн жилийг үдэж болзошгүй гэсэн хувилбарт бэлтгэлтэй байж, Киевт үзүүлэх тусламж дэмжлэгээ таслан зогсоож болохгүй. Магадгүй энэ дайны төлөө бид өндөр үнэ төлж болзошгүй, энэ нь зөвхөн зэр зэвсгийн тусламж биш эрчим хүч, хоол хүнсний үнэ нэмэгдсэнээр бид энэ үнийг төлөх байх гэжээ. 

Столтенберг түүнчлэн Украинд илүү орчин үеийн зэр зэвсэг нийлүүлснээр Донбассыг чөлөөлөх үйл явцыг түргэсгэж, Зүүн бүсийн газар орныг Оросын хяналтаас чөлөөлөх боломжтой гэж харж байгаагаа хэлжээ. 

НАТО-ийн тэргүүний мэдэгдэлтэй адил байр суурийг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөн илэрхийлжээ. Украинд хийсэн айлчлалынх нь дараа Sunday Times сонинд хэвлэгдсэн нийтлэлд “Путин Украины газар нутгийг хуваах төлөвлөгөөгөө мөд дуусгахгүй” гэсэн утга санааг агуулжээ. Борис Жонсоны үзэж байгаагаар Украины дайны төгсгөл ямар байх нь байлдааны ур чадвар, Оросоос түрүүлж алхан, газар нутгаа хамгаалан баттай зогсох, тэмцэх чадвараас ихээхэн хамаарна гээд хамгийн гол нь цаг хугацаа бүхний шалгуур байх болно гэдгийг тодруулжээ. Жонсоны Украинд хийсэн айлчлалын талаарх нийтлэл “Бид Украинаас нүүр бууруулбал өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй” гэсэн гарчигтайгаар хэвлэгджээ. Их Британийн ерөнхий сайд Холбоотон орнууддаа хандан Украинд цаашид ч тэдний дэмжлэг туслалцаа шаардлагатайг тэмдэглэн, стратегийн оновчтой шийдэл тусламж нь ялалтыг ойртуулах болно гэжээ.