ОУВС: “Их Британи бол 2023 онд эдийн засаг нь буурах их долоогийн ганц улс”

Улс төр

ОУВСангаас 2023 онд Их Британи улсын эдийн засаг 0.6 хувиар буурна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн 8-р сарын мэдэгдлээс хойш Их Британийн эдийн засгийн байдал илт сайжирсан гэж Канцлер Jeremy Hunt хэлсэн байна.

ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайландаа Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ онд 0.3 хувиар буурна гэж мэдэгджээ. Тайланд дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй эдийн засагтай орнуудаас Их Британи улсын ДНБ уналтад орох ганц улс гэж дурдсан байна. ОУВС Их Британийн эрчим хүчний өндөр үнэ, инфляцийн өсөлтийг мөн тайландаа тусгажээ. ОУВС-гийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуринчас ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Их Британи улсын эдийн засаг 2022 онд 4.1 хувиар өссөн нь Европын хамгийн өндөр үзүүлэлтийн нэг. Гэвч энэ нөхцөл байдал 2023 онд огцом өөрчлөгдөх төлөвтэй байна.” гэжээ. Гуринчас мөн таамаглалд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол ажил эрхлэлтийн түвшин тахлын өмнөх үеэс доогуур хэвээр байгаа гэж хэлсэн байна.

Ерөнхий сайд Риши Сунак оны эцэс гэхэд инфляцийг хоёр дахин бууруулна гэж амласан. Эдийн засагчид засгийн газрын ямар ч бодлогогүйгээр, түүхий эдийн үнэ, тээвэрлэлтийн зардал буурсантай холбоотойгоор үнийн өсөлт удааширна гэж дүгнээд байна. Английн Төвбанкны ерөнхийлөгч Эндрю Бэйли эрчим хүчний үнэ буурснаар энэ онд инфляцийн түвшин хурдацтай буурах хандлагатай байгаа боловч, Их Британийн эдийн засгийн уналт үргэлжилсээр байгааг анхаарууллаа.