АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг орхин явахдаа хоосон хоцроогүй байна. Америкийн тэрбумтан, магнат, улс төрч тэрээр 1958 онд Холбооны хууль тогтоомжоор батлагдсан “төрийн тэргүүний эрх ямбын” тухай хуулиар хэд хэдэн давуу тал, эрх ямба эдлэх юм. 

Тухайлбал АНУ-ын төрийн тэргүүний алба хашиж байсан улс төрч насан туршийн цалин тэтгэвэр, хангамж эдэлдэг байна. Трамп 2015 онд анхны сонгуульд өрсөлдөж байхдаа төрийн тэргүүний цалингаас татгалзана гэдгээ мэдэгдэж, жилийн 400 мянган долларын цалингаасаа татгалзаж байсан. Тэгвэл ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа түүнд хуулиар олгогдох насан туршийн цалин тэтгэвэр болон жилийн 219 мянган доллараас Трамп энэ удаад татгалзаагүй байна.

Түүнчлэн хуулиар АНУ-ын тэргүүн хатагтай ч мөн жилийн 20 мянган долларын тэтгэмж авах эрхтэй юм. Трамп мөн Цагаан ордныг орхин явсан ч улсын тагнуулын албадын хамгаалалтан дор байна. Хэрвээ Мелания нөхрөөсөө салж, өөр хүнтэй суугаагүй бол мөн л насан туршдаа тусгай албадын хамгаалалтад байх эрхтэй юм. Экс тэргүүн болоод гэр бүлийнх нь 16 нас хүрээгүй гишүүд байж, төрийн хамгаалалтад улсаас жилд 1,5 сая доллар төсөвлөдөг байна.

Мөн Цагаан ордны экс тэргүүнд эхний 30 сарын хугацаанд Америкийн аль ч нутаг оронд албан оффис, ажиллах хүчин шинээр бүрдүүлэхэд нь зориулж Холбооны сангаас жилийн 150 мянган доллар олгодог байна. Сүүлд энэ мөнгөн дүн үйл ажиллагаа тогтмол болсноор багассаар жилд 96 мянган доллар болж буурдаг байна.

Америкийн үе үеийн тэргүүнүүдийн эдэлдэг бас нэгэн эрх нь Вашингтонд таунхаустай болох эрх юм. Засгийн газрын мэдэлд байдаг таунхауст экс ерөнхийлөгч хүссэн цагтаа, хүссэн хугацаагаар буудаллах эрхтэй байдаг гэнэ. Мөн мэдээж хэрэг экс ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн төрийн цэргийн эмнэлнүүдэд хандан эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй байдаг юм.