ЭМД-ийн сангийн хөрөнгийг засгийн газар захиран зарцуулах эрх өгсөнгүй

Улс төр

 Өнгөрсөн оны 4-р сард УИХ-аар баталсан цар тахлын эсрэг хуулийн үйлчлэх хугацаа 7-р сарын 1 ний өдрөөр дуусч байгаа. Тэгвэл хуулийн үйлчлэх хугацааг засгийн газар он дуустал сунгах төслийг УИХ-д өргөн барьсан бол байнгын хорооны зарим гишүүд 10-р сарын 1-ний өдрийг хүртэл сунгах санал гаргасан. Халдварын нөхцөл байдал улам хүндэрсэнтэй холбоотой хуулийн үйлчлэлийг сунгахдаа ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг засгийн газар захиран зарцуулахаар тусгасан. Тэгвэл цар тахлын хуулиар засгийн газарт хэт их эрх мэдэл өгөхөөс гадна үндсэн хууль зөрчиж байна гэж үзэх гишүүд байсан юм. 

Энэ жилийн тухайд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,2 их наяд төгрөгийг зарцуулах боломжтой юм байна. Одоогоор нийт хөрөнгийн 37,2 хувийг зарцуулаад байгаа юм. Тиймээс цар тахлын хуулиар даатгалын сангийн хөрөнгийг засгийн газар шаардлагатай зүйлд шуурхай зарцуулахаар тусгасан ч гишүүд дэмжсэнгүй. Цар тахлын хууль үндсэн хуультай зөрчилдөх асуудал гарсан тул цаашид гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг хэллээ. 

Цар тахлын хуульд оруулж байгаа бас нэгэн өөрчлөлт нь төрийн алба хаагч нарыг ажилд авахад сонгон шалгаруулалтгүй авч байхаар тусгалаа. Ингэхдээ зөвхөн цар тахлын үед бөгөөд хүн хүчний хомсдол үүссэнтэй холбоотойг хэлж байна. Мөн төрийн албанд түр томилгоотой ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хугацаа дахин зургаан сараар сунгагдахаар болж байгаа юм. Хуулийн үйлчлэлийг сунгаж байгаатай холбоотой иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах эсэх асуудлыг төв банкнаас шийдвэрлэх юм.