Баян-Өлгий аймгийн бүх сумдад Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийлгэж үзэхэд Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр байгуулагдсан багуудад Казах хэлээр оноосон нэр өгсөн зөрчил илэрсэн байна.

Иймд зөрчлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж, тухайн багуудад оноосон нэрийг хүчингүй болгож залруулжээ. Мөн "Геодези, зураг зүйн тухай хууль"-ийн 11-р зүйлийн 11.1-д заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж зөрчил дутагдлыг арилгах, иргэний бүртгэлийн мэдээллийн санд зөрчилтэй бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг зөв болгох, цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх талаас нь ажил зохион байгуулж ажиллах, нутаг дэвсгэртээ хамаарах газар зүйн нэрийн хэрэглээнд хяналтаа тавьж ажиллахыг холбогдох төрийн байгууллага, тодорхой сумдын Засаг дарга нарт даалгалсныг ШӨХТГ-аас мэдээллээ.