Ковид-19 халдварын тархалт нөхцөл байдалтай холбоотой нийслэл хотод тэг зогсолт хийнэ эсвэр хатуу хөл хориог 14 хоногоор сунгана зэрэг ташаа мэдээлэл зарим хэвлэл болоод цахим орчинд цацагдах болсон. Үүнээс үүдээд зарим томоохон худалдааны төвүүдэд иргэдийн бөөгнөрөл үүсч хүнс бараа нөөцлөх зэрэг сөрөг үзэгдэл ихээр гарч эхлэсэн. Харин тэг зогсолт хийх, эсвэл хатуу хөл хориог сунгах зэрэг шийдвэр гараагүйг УОК-ын шуурхай штабын дарга онцоллоо. Тэр дундаа нийслэлд тэг зогсолт хийх боломжгүйг хэллээ.

Үүнээс гадна Ковид-19 халдвар голомтлон гарсаар байгаа өнөөгийн нөхцөлд  тусгай үүргийн онгоцоор дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг хилийн чанадаас авч ирсэн, өчигдөр эрх бүхий хүмүүсийн ачаа тээврийг МИАТ компанийн онгоц карго нислэг үйлдэж авч ирсэн зэрэг худал ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Уг мэдээлэл худлаа гэдгийг Гадаад харилцааны яамнаас онцоллоо. Өчигдөр шөнө Улаанбаатарт газардсан тусгай нислэг нь АНУ-ын засгийн газраас дипломатуудаа татан авах хүсэлтийн хүрээнд хийгдсэн нислэг гэлээ.

ӨЧИГДӨР ГАЗАРДСАН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ НЬ МИАТ КОМПАНИЙН КАРГО ТЭЭВЭР БИШ

Үүнээс гадна энэ сарын 15-ны өдөр БНСУ руу тусгай үүргийн онгоц хөөргөн шийдвэр гарчээ. Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 6787 иргэн байгаагаас БНСУ-аас 4,692 хүн ирэх хүсэлтээ тавьжээ. Тиймээс нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ сарын 15-ны өдөр Солонгос руу онгоц хөөргөнө. Ингэхдээ  11-р сард ирэхээр виз нь баталгаажсан 150-160 орчим иргэнийг авч ирэхээр төлөвлөсөн байна.

ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДӨР СОЛОНГОС УЛС РУУ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ ХӨӨРГӨНӨ