2020 онд дэлхийн шилдэг музейнүүдийн нэг болох Францын алдарт Луврын музейг энгийн үеийнхээс маш бага тооны хүн үзэж сонирхжээ. Цар тахлын дэгдэлтийн улмаас өнгөрсөн онд Луврын музейг сонирхох хүмүүсийн урсгал 72%-иар буурсан байна.

Энэ талаар Луврын музейн удирдлага мэдээлжээ. Цар тахалтай холбоотой хязгаарлалт, хөл хорионоос шалтгаалан Франц орныг зорин ирэх гадны аялагч жуулчдын хөдөлгөөн хумигдсан байна. Өнгөрсөн жил Луврын музейг ердөө 2,7 сая хүн сонирхсон нь ихэнхдээ дотоодын жуулчид болон ойролцоох Европын улс орнуудын иргэд байгаа юм. Тэгвэл өмнө нь 2018 онд л гэхэд Луврын музейг жилд 10 сая гаруй хүн үзэж сонирхож байжээ.

Цар тахлаас шалтгаалан Луврын музей 2020 онд 90 сая еврогийн алдагдалтай байж, төрөөс 46 сая еврогийн санхүүгийн тусламж авч, үйл ажиллагааны зардлаа арайхийн нөхөж торгоож байгаа юм.