АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтын өмнө Цагаан ордны өмнөх тэргүүн Дональд Трамп төрийн эрх үүргээ дараагийн хүнд шилжүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэн, өнгөрсөн 4 жилийн ажлаа дүгнэн цэгнэж, ард иргэддээ хандан сүүлийн мэдэгдлээ хийлээ.

Цагаан ордныг орхихдоо хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч:
-Би та бүгдийн өмнө улсынхаа төрийн тэргүүний хувиар сүүлийн удаа зогсч байна. Би өнөөдөр та бүгдийн өмнө хийсэн ажилтай бардам зогсч байгаадаа сэтгэл хангалуун байна. Бид Цагаан ордонд ирсэн хүсэл зорилгоо биелүүлж чадсан, хүсэн хүлээж байснаасаа ч илүү ихийг хийж бүтээсэн. Цагаан ордонд биднийг залгамжлан ажиллах шинэ баг тун удахгүй энд ирнэ. Америк орон цаашид ч, үеийн үед хүчирхэг, хөгжингүй улс орон хэвээр байж, хүн ард нь тайван амгалан, ирээдүйдээ итгэлтэй байхын төлөө хүчин зүтгэх биз ээ... Бид улс орныг удирдан тэргүүлэх дараагийн багт амжилт хүсч байна...

Цагаан ордныг орхиж байгаа Дональд Трамп шинэ тэргүүн Жозеф Байдены тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзсан юм. Ингэснээр Трамп Америкийн түүхэн дэх дараагийн хүндээ халаагаа ёслол төгөлдөр шилжүүлэн өгөхөөс татгалзсан 4 дэх тэргүүн болжээ. Хамгийн сүүлд ийм явдал 1869 онд болж, тухайн үед ерөнхийлөгч Эндрю Жонсон дараагийн тэргүүн Улисс Грантын тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байжээ.

Трамп ийнхүү Цагаан ордны тэргүүний хувиар сүүлийн удаа мэдэгдэл хийхдээ АНУ-ын дараагийн, 46 дахь ерөнхийлөгчийг нэг ч удаа нэр заан дурьдаж, нэрийг нь хэлээгүйг ажиглагчид тэмдэглэж байна. 

Дональд Трамп Цагаан ордныг орхин явахаасаа өмнө ард түмэндээ хандан үг хэлж, улмаар ерөнхийлөгчийн “номер нэг” нисдэг тэргээ сүүлийн удаа хөлөглөн Мэриленд мужийн Эндрюс цэргийн баазаас Флорид дахь Мар-а-Лаго дахь хувийн эдлэнгээ зорьжээ.