Дархан-Уул аймаг их сургуулиудыг хүлээн авахад бэлэн

Боловсрол

Нийслэлд байх их дээд сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр болсныг БШУ-ны сайд мэдэгдсэн. Тодруулбал, Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль байгуулахаар болоод байгаа юм. Үүнийг дагаад тус аймгийг зорих хүний тоо, хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэнэ. Тэгвэл Дархан-Уул аймаг үүнд бэлэн байгаагаа илэрхийллээ.  

Дархан-Уул аймаг 110 гаруй мянган хүн амтай. Дахиад ч энэ хэмжээний иргэнийг хүлээн авах, томоохон дагуул хот болон хөгжих боломжтой гэж Дархан-Уул аймгийн засаг дарга мэдэгдлээ. Учир нь энэ аймаг инженер шугам сүлжээ, дэд бүтцийнхээ нийт хүчин чадлыг бүрэн хэмжээнд нь ашигладаггүй байна. Тиймдээ ч энэ аймгийн иргэдээс гадна их дээд сургууль, үйлдвэрийн ажилчдын амьдрах таатай орчинг бүрдүүлэх боломжтойгоо онцоллоо.

 

Дархан-Уул аймгийн засаг дарга газар олголтыг маш цэгцтэй хийх хэрэгтэйг тодотгон гаднаас ирэх иргэдэд газар олгох гурван хэсэг байршлыг сонгоод байгаагаа онцоллоо. Мөн үүнээс гадна 1000 аймгийн залуус 2 орон сууц хөтөлбөрийг ч эхлүүлээд байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү дархан уул аймаг дагуул хот болон хөгжиж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад томоохон үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг онцоллоо.