ХУД-ийн 115 дугаар сургууль сурагчдаа ойролцоох сургуульд шилжүүлэх хэмжээнд даац хэтэрчээ. Тус сургуульд өргөтгөл нэмж барихаар зураг төсөл нь хийгдэж, төсөв нь батлагдсан ч тендерийн асуудлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл даац хэтрүүлэн хичээллэж байгааг сургуулийн удирдлагууд хэлж байна. Танхимаар хичээллэх болсон энэ үед нэг ангид байх сурагчдын тоо халдварын өндөр эрсдэл дагуулж байгааг ч учирлалаа.
Нийслэлийн ХУД-ийн 19-р хороонд байрлалтай ерөнхий боловсролын 115-р дунд сургууль хүчин чадлаасаа 3 дахин хэтэрсэн даацаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын нөхцөлд цахимаар болон 5:9-ийн зарчмаар хичээллэхэд анги танхимын хүрэлцээний асуудал нийслэлийн сургуулиудад тулгамдахгүй энэ асуудал мартагдаад байсан. Гэвч ирэх Даваа гарагаас 100 хувь танхимаар хичээллэх болсноор 115-р сургуульд гэхэд 1 ангид 45-60 хүүхэд хичээллэхээр болж байна.
Тус сургууль хамран сургах тойргийн хүүхдүүд нь багтах анги танхимгүйгээс ахлах ангийн хэд хэдэн бүлгээ өөр сургуульд шилжүүлсэн нөхцөл байдалтай хичээлийн шинэ улирлаа эхлэх гэж байгаа юм.
Тус сургууль зориулалтын цайны газар байхгүйн улмаас хувцасны өлгүүр хэсгээ цайны газрын зориулалтаар ашиглаж байна. Өргөтгөлийн барилга барихаар зураг төсвийн ажил хийгдэж, 2020 оны улсын төсөвт 2 тэрбум төгрөг суулгажээ. Гэвч төрийн хүнд суртал, тендерийн асуудлаас үүдэлтэй өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүй явж байгааг тус тойргоос сонгогдсон гишүүн хэллээ. УИХ-ын гишүүн Амартүвшин сургуулийн өргөтгөлийн барилгыг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаар болж байна.
Энэ бол ердөө ганцхан сургуулийн жишээ. Нийслэлд энэ мэт олон сургууль, цэцэрлэг байгаа. ХУД-ийн тухайд төрийн өмчийн 20 сургууль, хувийн тодотголтой 25 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс лаборатори 115-р сургуультай ижил нөхцөлд ажиллаж өргөтгөл нэн шаардлагатай дөрвөн сургууль байгааг дүүргийн боловсролын хэлтсээс мэдээлж байгаа юм.