Сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангаад байна. Хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд 4,5 настнуудаас гадна гурван настай хүүхдүүд цэцэрлэгт явах боломжтой болсон. Гэхдээ өнгөрсөн намар харьяаллынхаа цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд ирэх 7 хоногоос цэцэрлэгтээ явна. Харин бүртгэлээс хоцорсон гурван настнуудыг шинээр бүртгэхгүй болохыг НБГ-аас хэлж байна.
Удаан хугацаанд завсардсан танхимын сургалт ирэх Даваа гарагаас эхлэхтэй холбоотой гурван настнуудыг цэцэрлэгт ямар байдлаар хамруулах нь эцэг эхчүүдэд тодорхой бус байсан. Өчигдөр Засгийн газрын шийдвэр гарсны дараа салбар хариуцсан сайдын тушаал харьяа газруудад хүргэгдсэн байна. Гурван настнуудыг ямар байдлаар цэцэрлэгт хамруулахыг Нийслэлийн боловсролын газраас тодруулахад шинээр ямар нэг бүртгэл хийгдэхгүй, бүртгэлийн системд бүртгэгдсэн гурван настнууд цэцэрлэгт хамрагдана гэх сайдын тушаал гарсан гэж мэдээллээ.
Бүртгэлийн системд өмнө бүртгэгдсэн гурван настнууд цэцэрлэгт хамрагдана
Үүнээс гадна хоёр настнуудыг энэ сарын 28-ны өдрөөс цэцэрлэгт хамруулж эхэл гэх салбар хариуцсан сайдын тушаал гарчээ. Тиймээс ирэх долоо хоногоос хоёр настнуудыг цахимаар бүртгэх үү эсвэл уламжлалт байдлаар бүртгэл явуулан хамруулах уу гэдгийг тодорхой болгох юм байна. Гэхдээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй бүх хоёр настнуудыг авах боломжгүй гэж мэдэгдлээ. Учир нь анги танхимын хүрэлцээ хангалтгүй байгааг онцолж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдэд ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх хэдий ч хүүхдийн анги дүүргэлт 20-25 байж чадахгүй гэдгийг онцоллоо. 2 болон гурван настнууд цэцэрлэгт хамрагдаж эхэлснээр анги дүүргэлт хуучин байдалдаа шилжих тул эцэг эхчүүд гэр бүлийн орчинд хүүхдээ халдварт өртүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэйг албаны хүн зөвлөлөө.