Өчигдөр Богд уулын оройд гарсан гал 2-3 га талбайг хамарчээ

Эрх зүй

Өчигдөр орой 19 цаг 13 минутын орчимд Богд уулын оройд гал гарчээ. Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраасан байна. Уулын орой хэсэгт гал гарсан тул машин очих боломжгүй болж алба хаагчид явган өгсөж галыг унтраахад цаг нэлээд зарцуулжээ. Энэ жил хур тунадас бага, хуурайшилт 2 дахин их байгааг Онцгой байдлын газраас сануулж байна. Тиймээс хаврын хуурайшилт эхэлж байгаа энэ үед иргэд олон нийт гал түймрийн эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.

 

Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Богд уулын оройд өчигдөр 19 цаг 13 минутын орчимд гал гарч онцгой байдлын алба хаагчид шуурхай унтраан ажиллалаа. Дуудлагын дагуу гал унтраах 14,30-р ангийн гал сөнөөгчид болон нэмэлтээр аврах ангийн алба хаагчид гээд нийт 20 хүнтэй бүрэлдэхүүн, 4 автомашинтай ажилласан байна.

Гал уулын оройд гарч байсан учраас тээврийн хэрэгсэл дөхөж очих боломжгүй байсан тул алба хаагчид уулын өөд явган өгсөж унтраажээ. Галын тархалт 2-3 га талбайг хамарсан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна.

Хуурайшилт ихтэй энэ цаг үед иргэд олон нийт түймрийн эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.

Одоогоор Богд ууланд гарсан галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Үүнээс гадна хаврын хуурайшилттай зэрэгцээд нийслэлийн иргэд хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэн автомашин, хашаа байшин, айлын эд зүйлд эрсдэл учруулсан дуудлага нэмэгдэж эхэлжээ. Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад хуурайшилт их байх төлөвтэйг цаг уурын байгууллагаас анхааруулсан байна. 

Онцгой байдлын газраас иргэдийг асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал цог нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн эрсдэл өндөр үед ой хээрт чүдэнз асаагууртай явуулахгүй байх, хээрийн бүсэд оршин суудаг иргэд гал унтраах хэрэгслийг бэлтгэж эхлэхийг зөвлөлөө.