Нийслэлийн гэр хорооллын өрхийн 67 хувьд нь орон сууцтай болох хэрэгцээ байна

Засгийн газар

“Залуус” орон сууцны цогцолбор хорооллын төсөл эхний ээлжинд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжих юм. Нийт 6000 орчим айлын орон сууцыг 57 га газарт барихаар төлөвлөсөн байна.   Хороолол хотхон гэдэг утгаараа цэцэрлэг, сургууль, соёл, спорт комплекс, нийгмийн үйлчилгээг цогц бүрдүүлэхээр тусгаж, энэ бүхэнд төрийн байгууллагуудын ажил төвлөрөх зохион байгуулалт хийж байгаа гэлээ.

Шинэ хорооллын ус хангамж, цахилгаан, дулааны эх үүсвэрийг шийдэхээр ТЭЗ-ийн судалгааг хийж дууссан байна. Харин 21-р хороонд байрлах хоногт 20 мян м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаас бохирын системийг шийдэх боломжтой юм байна. Хямд орон сууц иргэдэд хүрэх нэг хөшүүрэг нь барилгын компаниудыг дэмжих засаг төрийн бодлого байдаг. Тухайлбал, Газрыг барилгын компаниудад хөнгөлөлттэй зээлээр олгох учраас цаагуураа үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого байх юм. Мөн барилгын гол түүхий эд болох цемент, арматур төмрийн үйлдвэрлэл нийлүүлэлтэд төрөөс онцгой хөнгөлөлт үзүүлэх учраас барилгын өртөг, суурь үнэнд бодитоор нөлөөлнө гэж үзжээ. Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, зээлийн шалгуурыг бууруулахаар ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлсний үр дүнд зөвхөн 2020 оны 12 сард гэхэд 95 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ипотекийн зээл нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Иргэд тогтвортой ажлын байр, орлоготой байхыг эрхэмлэж, эдийн засгийн идэвхжил нэмэгддэг. Харин цаашид зээлийн шалгуурыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх байр суурийг Засгийн газар илэрхийлж байгаа. Олон улсад ч бага дунд орлоготой иргэдээ дэмжихийн тулд төр засгаас  орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг олон байдаг.