Нийтийн эрх ашгийн төлөө баримттай мэдээллийг хуулийн байгууллагад хүргэсэн иргэнийг ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ гэнэ

Засгийн газар

Шүгэл үлээгчийг хамгаалахаас гадна, 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэл урамшуулах заалтыг хуульд тусгалаа.

Өнөөгийн хүчин төгөлдөр хуулиар гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт дутмаг гэж засгийн газар үзлээ.

Тиймээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэ хуулийн гол зохицуулалт нь нийтийн эрх ашгийн төлөө буюу байгаль орчинд хохирол учруулсан, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн зэрэг олон зөрчилд шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах систем юм. Урамшууллын мөнгөн дүнг 100 мянгаас 1,5 тэрбум төгрөг байхаар тусгалаа.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө бичгээр гомдол мэдээлэл албан журмаар хуулийн байгууллагад хүргэсэн хүнийг шүгэл үлээгч гэж тодорхойллоо. Өөрөөр бол хэн нэгэн иргэн утсаар ямар нэг баримтгүй мэдээлэл өгсөн тохиолдолд шүгэл үлээгч гэж тодорхойлохгүй.

Томоохон уул уурхайн компани, эсвэл нөлөө бүхий албан тушаалтны ёс бус үйлдэл зэргийг баримттайгаар албан ёсоор хуулийн байгууллагд өгсөн тохиолдол шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хамгаалагдах юм.

Шүгэл үлээгчийн хуульд урамшууллын системийг тусгахдаа нийтийн эрх ашгийг хэрхэн хангах, хэр үнэн бодитой болоод баримттай мэдээлэл болох, шүгэл үлээгчид эргээд эрсдэл дагуулах эсэхээс хамааран 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг байхаар тусгалаа. Мөн шүгэл үлээгчийг холбогдох хуулийн хүрээнд гэрч хохирогчийн хэмжээнд төрийн хамгаалалтад авахаар хуульчилсан байна.

Шүгэл үлээгч нь дараах дөрвөн чиглэлд баримттай мэдээллийг хуулийн байгууллагад өгөх эрхтэй. 

Үүнд: 

 - АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ 

- ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨН 

- ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ЗӨРЧИЛ 

- БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ –ийг илчилсэн хүмүүс шүгэл үлээгчийн хуулиар хамгаалагдана.

Үүнээс гадна шүгэл үлээгчээс авсан мэдээллийг сэтгүүлч ашигласан тохиолдолд мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг энэ хуулиар тодорхойлжээ.

ШУУД ҮЗЭХ